>

. NO WIDGETS YET

There are still no widgets here. To add some content please go to the Dashboard and add some Widgets to the Top Sidebar. If you don't need this section just go to Mercina Options and switch off the Top Sidebar.

'

= ( 1 )

Ардчилсан хувьсгалаас хойших буюу өнөө үе

Ардчилсан хувьсгалаас хойших үеийн тамганы тухай

Монгол улсад 1990 оноос эхэлсэн улс төрийн ардчилсан хувьсгал нь нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх эхлэл болсон төдийгүй улсын эдийн засаг, төрийн байгууллын тогтолцоог шинэчлэн тогтоож, нийгмийн хөгжлийн чиг баримжааг үндсээр нь өөрчилсөн үйл явц болж гүнзгийрсэн билээ.

Ийм учир энэ бүх өөрчлөлтийн зорилго, чиглэл, ард иргэдийн эрхэм дээд хүсэл эрмэлзлэлийг шинэ үндсэн хуулиараа баталгаажуулан тунхаглах шаардлага гарсан. Ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг ард олноороо өргөн дэлгэр хэлэлцэхийн хамт Ардын Их хурал 2 гаруй сар зүйл бүрчлэн хэлэлцэн баталжээ. Энэ утгаараа Монгол улсын шинэ үндсэн хууль өргөн олон түмний ухаан бодол, оюун сэтгэлгээ шингэсэн Монголын ард түмний хамтын бүтээл, нийтээр сахих, даган мөрдөх дээд хууль цааз бөлгөө.

Шинэ үндсэн хуулийг БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутад батлан Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байна. Гэхдээ энэ үндсэн хуулийг хүчин төгөлдөр болж мөрдөгдөх хугацааг тусгайлан заасан байдаг. Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт:

“Монгол улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Мэдэгтүн, сахигтун” хэмээн заасан байна.

Шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж БНМАУ-ыг “Монгол улс” гэж нэрлэн төрийн шинэ сүлд, туг, далбаа, тамгыг албан ёсоор хэрэглэж эхэлжээ.

Монгол улсын шинэ үндсэн хуулийн эхлэл удиртгалд:

“Монголын ард түмэн бид

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн хөгжлийн зорилго, хүсэл эрмэлзлэлийг шинэ төрийн бэлгэ тэмдэгт тод томруун тусгаж илэрхийлэх зүй ёсны шаардлагыг бий болсон.

Шинэ үндсэн хууль нь Төрийн бэлгэ тэмдэг гэж юу болох талаар нэн тодорхой, дэлгэрэнгүй зааж өгснөөрөө урд өмнөх үндсэн хуулиудаас онцлох ялгаатай болсон юм. Шинэ үндсэн хуулийн “Монгол улсын бүрэн эрхт байдал” хэмээх нэгдүгээр бүлгийн арван хоёрдугаар зүйлд заахдаа:

1.Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал юм…” гэжээ.

Ийнхүү Монгол улсын төрийн бэлгэ тэмдгийг нэрлэн тогтоож тэдгээрийн утга бэлгэдлийг хуульчлан илэрхийлж өгсөн байна.

Монгол улсын төрийн сүлд /1992/

“Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна” /Монгол улсын үндсэн хууль 1-р бүлгийн 12-р зүйлийн 3 дахь заалт/

1994 оны 5 дугаар сарын 20-ны өдөр УИХ-иас “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”-ийг баталжээ. Энэ хууль нь иргэн бүрт төрийнхөө бэлгэ тэмдгийг дээдлэн хүндэтгэхийг үүрэг болгохын хамт тэдгээрийг хэрхэн яаж үйлдэх, хэрэглэхийг журамлан тогтоож өгснөөрөө асар их ач холбогдолтой юм.

Төрийн тамгыг төрийн бэлгэ тэмдэг хэмээн үзэж Үндсэн хуулиар баталгаажуулсан заалт 1924 оны анхны Үндсэн хууль, 1992 оны шинэ Үндсэн хуулинд байна. Харин 1940, 1960 оны Үндсэн хуулиудад ийм заалт тодорхой тусгагдаагүй байна.

Төрийн тамгыг үйлдэх, барих, байрлуулах, залах, хадгалах нь нарийн дэг ёс, утга агуулгатай бөгөөд энэ бүхнийг дээрх хуульд нарийвчлан тогтоож өгсөн байдаг.

Монгол улсын төрийн тамга

Зураг 213

Очирбат Багабандид тамга хүлээлгэж өгч байгаа зураг

Төрийн тамгыг үйлдэх

Төрийн тамгыг үйлдэхдээ 10,0х10,0х2,0 см хэмжээтэйгээр цул мөнгөөр, гар аргаар хийнэ. Төрийн тамга арслангийн дүрс бүхий бариултай байх бөгөөд бариулын өндөр нь 8,0 см байна. Төрийн тамганы дөрвөн өнцөгт бат бэхийг бэлгэдсэн холбоо түмэн насан хээ байрлуулах ба тамганы гол дахь төрийн сүлдний нэг талд “Монгол”, нөгөө талд “Улс” гэсэн бичээсийг монгол үсгээр эвхэж бичсэн байна. Төрийн тамгыг цорын ганц хувь үйлдэх бөгөөд дуурайлган үйлдэхийг хуулиар  хориглосон байна.

Төрийн тамгыг барих

Төрийн тамгыг барих гэдэг нь төрийн хууль, зарлиг, шийдвэрт тамгыг дарж албан ёсны болгох онцгой эрх бүхий үйлдэл юм. Энэхүү онцгой эрх гагцхүү төрийн тэргүүн буюу улсын хаанд олддог болно. Тийм ч учраас Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд “Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина” хэмээн хатуу хуульчлан заасан байна.

Монгол улсын Ерөнхийлөгч бол Монгол улсын Төрийн тэргүүн бөгөөд гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах онцгой эрхтэй хүн юм.

Ийм онцгой эрх нь түүнд төрийн тамгыг барих эрхийг олгож буй хэрэг болой. Ер нь төрийн тамгыг эрхэмлэх ёс нэн эртний уламжлалтай билээ.

Төрийн тамгыг барих гэдгийн цаана түүнийг ямар баримт бичигт дарах ёстойг хуульчлан зааж өгдөг байна. Тэгвэл Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулинд зааснаар Ерөнхийлөгч төрийн тамгыг төрийн маш чухал дараах шийдвэрүүдийг баталгаажуулж дарах ёстой. Үүнд:

-Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр,

-УИХ-аар баталсан Монгол Улсын хууль,

-Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ,

-Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна гэж заажээ. Эндээс үзэхэд Төрийн тамгыг тэр болгон шийдвэр тогтоол дээр дардагггүй болох нь илэрхий бөгөөд энэ бол төрийн тамгыг эрхэмлэн дээдэлж, чухалчилж байгаагийн илэрхийлэл юм. Дашрамд Төрийн тамга болон Ерөнхийлөгчийн тамга нь тус тусдаа байдаг болохыг дурдсу.

Төрийн тамгыг байрлуулах

Төрийн тамгыг байрлуулах гэдэг нь түүнийг тусгай гэр хайрцагт байршуулах явдал юм. Төрийн тамгыг онцгойлон эрхэмлэж, дээдэлж байгаагийн нэг илэрхийлэл нь түүнийг байршуулах гэр хайрцагны хийц, маяг, түүний хийсэн эд зүйл, дотор гаднах гоёл чимэглэлээр тодорхойлогддог. Иймээс төрийн тамганы гэр хайрцагийг энэ үзэмжтэй байдлаар бүтээж байсан уламжлалтай. Энэ утгаараа Монгол улсын төрийн тамганы гэр хайрцаг нь монголчуудын эдийн ба оюун соёлын гайхамшгийг илтгэх дурсгалуудын нэг мөн.

Төрийн тамганы гэр хайрцагийг үнэт металл болон алдаршгүй өнгөт, эвдэршгүй мөнх, дуусашгүй анхилуун үнэрт зандан модоор хийдэг уламжлалтай байжээ.

Тамганы гэр хайрцагны гадна талд ба бэхийн бэлгэдлийг илэрхийлсэн дөрвөн буланг бэхэлсэн даруулга бүхий угалз хээгээр чимэглэх, үндэсний хээ угалзыг алт мөнгөөр товойлгон хийх, хээ угалзанд үнэт чулуу шигтгэх зэрэг янз бүрийн аргаар гоёл чимэглэлийг хийдэг байжээ.

Тамганы хайрцаг нь цоожтой байх бөгөөд цоожийг ил ба далд гэсэн хоёр янзаар хийдэг ёс байжээ. Ил цоож болон цоожны түлхүүр нь гоёмсог хээ угалзтай, нарийн тохируулгатай байсан байна.

Эдүгээ Монгол улсын төрийн тамгыг байрлуулахдаа эртний уламжлалт ёсыг үндэс болгосон нь тодорхой. “Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн З дахь хэсэгт “Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт байрлуулна” хэмээжээ.

Төрийн тамгыг ийнхүү тусгай гэр хайрцагт байрлуулахын зэрэгцээ тамга бүхий гэр хайрцагийг ил задгай байлгадаггүй ёс заншлыг монголчууд түүхийн олон үе дамжин өнөөдрийг хүртэл баримталж иржээ. Энэ бол төрийн хэрэг хатуу чанд байх ёс журмаас улбаатай ажээ.

 

Төрийн тамгыг хадгалах

Төрийн тамгыг хадгалах эрт үеэс уламжлан ирсэн тусгай нарийн ёс журамтай байжээ. Төрийн тамгыг хамгийн аюулгүй, тамга баригчаас өөр хэн ч халдашгүй газарт хадгалдаг байжээ. Эрт үед тамга хадгалах тусгай гэр өргөөг “тамгын гэр” буюу “тамгын өргөө” гэж нэрлэдэг байсныг бид түрүү түрүүчээсээ мэдэх билээ. Өнөөгийн “тамгын газар” гэдэг хэллэг, нэр томъёо нь түүнээс гаралтай. Дашрамд дурдахад Төрийн тамгыг хадгалах журмыг Монгол улсын Ерөнхийлөгч зарлигаар батлан тогтоодог бол Төрийн тамгыг залах журмыг Улсын их хурал тогтоодог байна.

Төрийн тамгыг залах

Төрийн тамгыг залах гэдэг нь түүнийг хадгалах байрнаас нь гаргах, буцааж байрлуулах үйл явц юм. Энэ үйлдэл нь нарийн хатуу дэг журамтай, төрийн хамгаалалтын дор гүйцэтгэдэг болно. Өнөө үед Төрийн тамгыг залах ёслол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын үед болдог байна.

Ерөнхийлөгч тангараг өргөх төрийн тамгыг залах ёслолыг хууль, журамд заасны дагуу Төрийн ёслолын албанаас хариуцаж гүйцэтгэдэг байна.

Өнө эртний төрт ёсны уламжлал, дэг ёс, дагаж мөрдөх журам зуун зууныг дамжин өртөөлж, өнөө үед ч залгамжлагдан ирснийг дээр нэгэнт дурдсан хуулиас тодорхой мэдэрч болно.

Монгол орон зах зээлийн эдийн засагт эргэж буцалтгүй шилжин, хувийн үйлдвэрлэл өргөжин хөгжиж эхэлсэн цагаан морин жил буюу 1992 оноос тамга тэмдгийн нэр төрөл, барих эзэмших хүмүүсийн тоо гэнэт өсөн нэмэгдэх болсон. Тамга тэмдэг хийлгэх эрх олгох, тамга тэмдэг хийх үйлдвэрлэл хоёр нь тус тусдаа байсан нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй чирэгдүүлж байв. Энэхүү байдлыг зарим нэг бүлэг хүмүүс овжин ашиглаж тамга тэмдэг хувиараа үйлдвэрлэх болжээ. Энэ нь хууль журам зөрчиж улс төр эдийн засгийн ноцтой гэмт хэрэг гарч болох үүд хаалгыг нээв. Иймээс тамга тэмдэг хийлгэх эрх олгох, тамга тэмдгээ үйлдвэрлэх, түүнд тавих хяналтыг цагдаагийн байгууллагад төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага гарч ирсэн юм.

Ингээд Монгол улсын Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 14-ний 26-р тогтоолоор хэвлэлийн “Үнэт цаас” компанийн “Тамга тэмдгийн цех”-ийг тоног төхөөрөмж, ажилчдын хамт Цагдаагийн Ерөнхий газрын мэдэлд шилжүүлснээр Тамга тэмдгийн үйлдвэр бие даан хөгжиж, үйл ажиллагаагаа явуулах шинэ түүхэн үе эхэлсэн юм.

Монгол тамга үйлдвэрийн түүхэн хөгжил

Ардчилал өргөн утгаараа биеллээ олж, төр захиргааны зохион байгуулалт үндсээрээ өөрчлөгдөн тамга тэмдгээ монгол үсгээр бичиглэх шийдвэр гаргав. Үүний учир төр захиргаа, улс төр олон нийтийн байгууллага, шинээр үүсэн байгуулагдаж, олноор бий болж байгаа гадаад дотоодын компани, хувийн аж ахуйн хэрэглэгчид тамга тэмдгээ монгол, кирил, англи үсгээр хийлгэх сонирхолтой болсноос шинэхэн байгуулагдсан үйлдвэрийн ачаалал, дараалал тухайн үедээ их байлаа. Үйлдвэрийн хамт олон ардчилсан “Монгол улсын анхны Ерөнхийлөгч”, “Улсын бага хурал”, “Монгол улсын Ерөнхий сайд”-ын анхны тамгыг хийж байснаараа бахархаж явдаг юм.

Тус үйлдвэр нь 1997 оноос Төрийн өмчийн хороотой хамтын гэрээ байгуулж, ЦЕГ-ын харъяа “Монгол тамга” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар нэртэйгээр өнөөг хүртэл ажиллаж байна.

Монгол улсын Баянхонгор аймгийн засаг даргын тамганы дардас

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамганы дардас

Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын тамганы дардас

Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тамганы дардас

БНМАУ-ын Бага хурлын тамганы дардас

БНМАУ-ын бага хурлын тэмдэгний дардас

БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тамганы дардас

БНМАУ-ын дэд ерөнхийлөгчийн тамганы дардас

Зураг 225 БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын тамганы дардас

Зураг 226 БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын тэмдэгний дардас

Зураг 227 БНМАУ-ын Ардын их хурлын тамганы дардас

Зураг 228 БНМАУ-ын Засгийн газрын тамганы дардас

Зураг 229 БНМАУ-ын Засгийн газрын тэмдэгний дардас