>

. NO WIDGETS YET

There are still no widgets here. To add some content please go to the Dashboard and add some Widgets to the Top Sidebar. If you don't need this section just go to Mercina Options and switch off the Top Sidebar.

'
Ë
( 0 )

= ( 1 )

Их Монгол улсын үе: Далай хааны тамга

Их Монгол улсын үеэс эрхэмлэсэн төрийн эрхэм дээд бэлэг тэмдгийн нэг нь тамга юм. Төрийн тамганы эрхэм нэг шинж нь түүний бичээсийн үсэг бичиг, утга агуулгад оршдог. Тухайлбал: Чингис хааны эрхэмлэн барьж байсан хаан хасбуу тамганы бичээсэнд:

“Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг эл булха иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай” гэсэн нь сонсвоос сүсэг төрөм, сүрдэм бадрангуй, уншваас ухаан зарам, утга гүн агаад эрхэм дээд тэнгэрийн зарлиг мэт. Төрийн тамгаар итгэмжлэгдсэн бичиг баримтууд, зарлиг зэрэг нь нийтээр дагаж мөрдөх шийдвэр бүхнийг иргэн бүр заавал биелүүлэх үүрэгтэйг улсын хааны тамгаар зааж буй явдал юм.

Төрийн тамга нь төрийн батламж болдог учир түүнийг хийх, хэрэглэх, хадгалах, хамгаалахад тусгай нэрийн дэг жаяг, дүрэм журамтай байдаг.

haanii tamga

Манай эриний өмнөх III зуунаас эхлэн XXI зууны эхэн үе хүртэлх хугацаанд хад чулуун дээр сийлэгдсэн цагаасаа эхлэн Монгол болон гадаадын улс гүрнүүдийн газар нутагт эзэмшлээ тогтоон, сүр хүчээ гайхуулж бас ч унаж сэхэж явсан Монголын их хаадын үе, Ардын төр үүсч хөгжин, мандан бадарч өнөөг хүрсэн түүхэн үеүдэд “Монгол тамга” ямар хууль дүрмээр хэрхэн яаж хийгдэж, хэрэглэгдэж ирсэн тухай, тухайн үеийн цаг үе нийгмийн байдалтай нь уялдуулан бичсэн болно.

Монгол овгийн тамганы гарал үүсэл

Дэлхийн олон оронд хэрэглэгдэж буй тамга тэмдэг нь эрт дээр нэгэн цагт үүсэн бий болсон нь тодорхой билээ. Түүхэн баримт бичгүүдийг сөхөн үзвээс хүй нэгдлийн үе буюу хүн сүрэглэн хэсэг бүлгээр явах үед овгийн им тамга, тэмдэг хараахан байгаагүй бололтой. Харин эхийн эрхт ёсон үүсэхийн хамт овгийн дотор хөдөлмөрийн хуваарь үүсч, таваар бүтээгдэхүүн солилцох зэрэгт овгийн тэмдэг хэрэглэгдэж эхэлсэн байх магадлалтай. Нөгөөтэйгүүр тэр үеийн хүн бүл амь зуухын эрхээр аль нэгэн газар нутгийг сонгон тархаж нутаглах болсон нь овгийн хүн бүлийг бусад овгийнхоос ялгахын тулд таних тэмдэг хэрэглэх шаардлага гарсан. Энэ шаардлага нь овгийн им тамга, тэмдэг үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлжээ гэж үзэж болох юм.

Олон угсаатан ард түмний овгийн түүхээс үзэхэд, тэдний харилцан холбогдох харь элэгтэн, халуун садан төрлөө ялган мэдэх олон бэлэг тэмдэгтэй байжээ. Жишээлбэл: Монголчуудад

1.Уг удам, удам гарал, овог ястан, махан ба цусан төрөл гэж ялган үзэх ёс тогтсон байв.

2.Овгийн сүлд, шүтлэг, овгийн тулалдааны хашгираа /уриа/ тус тусдаа байдаг байжээ.

Тамгыг эхэн үедээ овгийн хүн нэг бүрийн буюу нийтээр хэрэглэх хөдөлмөр, тулааны багаж, сав суулга, зэвсэгэн дээр таних тэмдэг болгон хэрэглэж байсан байх. Азийн нүүдэлчдийн нэн эртний нугийн нэгэн болох Шар мөрний дундад ба доод урсгал болох нутгаас археологич нар шинэ чулуун зэвсэгийн үеийнхний шавар саван дээр элдэв “тамга” зурлага байгааг олсон байдаг.

Чулуун зэвсгийн үе, хүрэл ба төмөр зэвсгийн үеүдэд монгол овгуудын үлдээсэн байж болох маш олон тооны тамга, тэмдгийн дүрсийг монголын дэвсгэр нутагт байгаа агуйнууд, хад чулуу, цохион дээрээс өргөнөөр олдож байна. Тухайлбал: олон тооны тамга тэмдэг, ан амьтад, хүн, ан гөрөө хийж буй болон мал аж ахуйн сэдэв, зэр зэвсэг зэргийг хамт дүрсэлсэн зураг Хөвсгөл аймгийн Цахир, Хүүхдийн овоо, Модтой толгой, Их бага муна, Увс аймгийн Хар цагаан зэрэг газраас олдсон байна.

Цахирын хадны зурагт янз бүрийн тамга тэмдэг, зураас, хонхор, эгнэж цуварсан зураас зэрэг геометрийн дүрсүүд олон байдаг. Амьтны зураг ба тамгануудын дүрс нь хэмжээгээрээ төдийгүй хэлбэр төрх, урласан маягаараа их олон янз баялаг байдаг байна.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Өндөр уулын зүүн талын Торлогтын өвөлжөөний арын хадан цохионоос дундад ба шинэ чулуун зэвсгийн үетэй холбогдох, зуу гаруй дүрс зургийг олсон байна.

Нэгэнтээ уйгарууд өмнөх үеийн бичгийг хуулбарлан хэрэглэж байсны тэмдэг болох дурсгалын зүйлс Моюнчур хааны бичгээс гадна нилээд олдоод байгаа юм байна. Моюнчур хааны нэртэй холбоотой бичиг Тува улсаас олджээ. Энэ чулуун дээр сийлсэн бичиг нь “750 онд Туваг эзлэн аваад –Миний тэмдэг /тамга/, миний бичгийг зохиох /чулуун дээр сийлэх/-ыг би тушаав” гэсэн бичигтэй байжээ.

Монголын их хаадууд ч гэсэн өөрийн зарлигийн айлдвар, дайснаа ялан дийлж, алдар нэрээ мандуулснаа болон онгод омог бадарсан яруу тод сургаал үгсийг, мөн гуниг зовлон амсаж гунин гашуудах харамсалаа хад чулуун дээр тэмдэглэн бичиж үлдээдэг байжээ. Түүгээр ч зогсохгүй түүхт их хаадын гэгээн дурсгалыг хүндэтгэн алдаршуулж түүх шастирыг нь хад чулуун дээр сийлэн мөнхлөн үлдээж, хөшөө чулуу босгодог байжээ.

Жишээ болгон гурван чулуун хөшөө, хад чулууны бичээсийг авч үзье.

1.Бичигт хөшөөний хамгийн эртнийх нь бөгөөд тод томруун нь 1225 онд босгосон “Чингисийн чулуу” гэж алдаршсан бичигт хөшөө юм.

“Чингисийн чулуу”

1225 онд босгосон энэ хөшөөн дээрх 5 мөр 20 гаруй үгтэй бичээс нь одоогоор олдоод байгаа монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд 1818 онд Оросын судлаач Спасский, Хархираа голын хавиас олжээ. 1832 онд уг хөшөөг Петербург хотод аваачсан бөгөөд одоо “Эрмитаж” музейд хадгалагдаж байна. Хөшөөний өндөр нь 2 м, өргөн нь 66 см, зузаан нь 22 см.

Хөшөөний бичиг нь: “Чингис хааны Сартуул иргэн дагуулж бууж, хамаг Монгол улсын ноёдыг Буха-Сочихай хуригсанд Есүнхэй ондутрун гурван зуун гучин таван алдас дур онтудлаа” гэжээ.

Мөнх хааны хөшөө

1257 онд босгосон энэ хөшөөг 1955 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас олжээ. Энэ хөшөөнд 3 мөр 20-иод үгтэй монгол бичээсээс гадна хятад үсгээр бичсэн бичиг бас байдаг байна. Монгол бичээс нь: “Ургийн ургаар хэдэн хэдэн үест Мөнх хаан түмэн, түмэн насалтугай хэмээн Барс түгэ босгуулах хүртэл тэдэнд учралт буян хүртүгэй” гэжээ. Энэ хөшөө одоо Улаанбаатар хотод Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг.

Цогтын хадны бичээс

Халхын Цогт хунтайж 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэг ууланд авлаж яваад нэгэн шүлэг зохиосныг хамт явсан Эрх хиа бичин авч, 1624 онд Дайчин хиа Гүенбаатар хоёр хаданд сийлжээ. Энэ бичээс одоо Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутын хар чулуу хэмээх хаданд буй гэнэ.

Монгол бичгээр долоон бадаг, хорин найман мөр шүлэг энэ бичээсэнд байгаа нь тэр үеийн монгол шүлгийн нэгэн өвөрмөц дурсгал болдог байна.

 

Овгууд шинээр салбарлан гарах тутам овгийн хуучин үндсэн тамганы дүрсэнд нэмэлт зүүлт хийж, үүсгэмэл тамга бий болдог байв. Овгоос салбарлан гарсан ахан дүүс, аавынхаасаа өрх тусгаарлан гарсан ам бүлийн тооноос шалтгаалан үндсэн тамганы дүрсэнд нэмэлт зүүлт хийдэг байна. Тухайлбал: Овгийн тамга нь “задгай саран тамга” байжээ гэж үзвэл тамгыг хойш нь, урагш нь, дээш нь, доош нь дөрвөн зүг харуулан дарж болно. Дээшээ харсан нь овгийн ахлагчийнх, доошоо харсан нь отгон хүүгийнх гэх мэт өөрчлөн үүсмэл тамга бий болох жишээтэй. Үүний хажуугаар шинэ үндсэн тамга ч гарч ирж нийт тамганы тоо олширч олон овгийн “Их хуралдай”, цуглаанд ирэгчид тэр цагийн нэртэй сүртэй хад цохионд овгийн тамгаа сийлж үлдээх, овог олноор хэрэглэх ус бэлчээрийг эзэмших, эдлэх эрхээ бататган, мөн тэндхийн хад чулуунд овгийн тамгаа сийлэн байршуулах явдал байсныг нүүдэлчдийн хожуу үеийн заншил, үлдэцээс эрдэмтэд сэргээн тогтоожээ.

Тэгвэл одоо бид “Тамга” гэдэг чухам юу юм бэ? гэдгийг олж тогтоохыг хичээе. Тамга хэмээх нэр үг хэзээ үүсэн гарсан он цагийг тогтоосон албан ёсны баримт бичиг одоохондоо олдоогүй байна. Оросын эрдэмтэн И.Т.Савенков “Енисей мөрөн хавийн урлаг” номондоо “Эрдэмтэн А.С.Эмри “Турк Дибилгиси” хэмээх зохиолдоо тамга гэдэг нэр үгийн там- гэдэг язгуур нь төөнөх, цоонох утга бүхий түрэг үг гэж тайлбарласан” тухай бичсэн байдаг бйна.

Монгол, түрэг хэлний толь бичигт тамгачи, тамгалык, тамгалах гэсэн үг байгаа нь цөм “Тамга” гэдэг үгнээс үүсчээ. Ер нь тамга гэдэг үг нилээн эрт цагаас олон улсын хэл ярианд тархаж, хэрэглэгдсээр ирсэн байна. Тухайлбал, нангиад, араб, иран хэлэнд “тамга” гэдэг үг нь худалдаа, гар үйлдвэрийн татвар, гааль гэсэн утгатай хэрэглэгдэж байжээ.

Европ зүгийн хэлнүүдэд “тамга” гэдэг үг эрт цагт орсон бололтой. Орос хэлэнд “Тамга” гэдэг үгийг монгол утгаар нь хэрэглэх явдал байжээ. Зарим тохиолдолд пятно, знак, печать, тавро, таможня, клеймо гэх мэтчилэнгээр орчуулсан байдаг. Эдгээрээс таможня гэдэг үг нь тамга гэдэг үгнээс гаралтай гааль эрхэлсэн албан газрын нэр болой. Харин печать гэдэг үг нь орос хэлний халаах жигнэх гэсэн утгатай, тэгэхээр малыг тамгыг халааж дардаг, гаалийн тамгыг мод зэрэг ноцох, цоонох эд дээр халааж дардаг байсантай нийцэж байгаа юм.

Түрэг хэлэнд овгийн тамгыг дамга, Болгарын Гагауз зэрэг зарим угсаатан хонины илгийг дамга, герман хэлэнд тамга гэж бичдэг байна. Мөн Туркменд тагма, якутад таба гэж бичдэг гэнэ.

Тамгыг онгон шүтээн отог овгийн таних тэмдэгнээс эд, хөрөнгө, мал сүргийнхээ хүрээнд шилжүүлээд зогссонгүй, төр улсын сүр сүлд болгон хувиргажээ. Хүй нэгдлийн үед ижил сүргээрээ явсан хүмүүс хөрөнгөжин хүчирхэгжихийн хирээр отог, овог нь аймаг хошуу, аймаг хошуу нь улс гүрэн болон тэлж, эгэл жирийн хүн нь эр цэрэг, эр цэрэг нь баатар жанжин, баатар жанжин нь эзэн хаан болон өргөмжлөгдөв. Тийнхүү нэг аймаг нь нөгөөгөөсөө, нэг улс нь бусад улсаасаа ялгарч, нэг баатар нь нөгөө баатраасаа, нэг хаан нь бусдаасаа ялгарах хэрэгтэй болжээ. Юугаар ялгарах вэ? гэдэг асуултад хамгийн түрүүн “тамга” хариу өгчээ. Тамга ийнхүү төр улс, эзэн хаадын бэлгэдэл, батламж болон хувирчээ. Үнэхээр ч тамга нь тухайн төрийг, тухайн засгийг, тухайн хүнийг олон нийтэд таниулах, мөн тэднийг олны өмнө “дархалсан”, “баталгаажуулсан” нэгэн далд хүчин болон өргөжин хөгжсөн байна.

Хаанахын ямар хэргэмтэй, хэн гэгчийн “тамга” вэ гэдгийг тамга голчлон гэрчилдэг байна. Гэхдээ тамганы түүх нь олноос нэг рүү шилжин тархсан шинжтэйгээрээ нийгмийн бусад үзэгдэл юмсаас ялгаатай. Эхлээд дундын буюу олны өмч байсан тамга яван явсаар хувь хүнийх болох чиглэлээр хөгжжээ. Отог овгийн дундын бэлгэдэл тэмдэг байхдаа тамга нийгмийн шинжтэй байж. Гэтэл аль нэг хааных болох цагтаа хувь хүний өмч, эрх дархын зэрэгт хүрчээ.

Эртний монголчууд ном барладаг бараа тамга гэж нэрлэдэг байжээ. Мөн хаад ноёд, хутагт хувилгаадын албан хэргийг батлах тэмдгийг бас тамга гэдэг бөгөөд үүнийг хаш чулуу, алт, мөнгө зэрэг эрдэнийн зүйлсээр хийж хэрэглэдэг уламжлалтай байжээ.

Тамга нь өөртөө нэгэн өвөрмөц нуугдмал шинжийг агуулж байдаг бөгөөд түүнийг үгнээ буулгаваас “захирах” гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл энэ үг нь дур хүсэл харгалзахгүй тушааж даалгах, дагуулах гэсэн утгыг агуулна. “Тамга”-ыг “захирлага” гэж нэрлэх ёсон ч байдаг.

Энэ бүхнээс үзэхэд “тамга” нь нилээд өргөн утга агуулга, бэлгэдэл бүхий ойлголт юм. Тодруулбал тухайн тамганы цаана эзнийх нь (хэн нэгэн хаан, ноён, хутагт, захирагч, дарга гэх мэт) жинхэнэ “төрх” нуугдаж байдаг.

Хаан шашны тэргүүн ихэс лам нарт дээд эздээс шагнан олгосон тамга, тэмдэг нь тухайн цаг үедээ тэр алба, хувь хүний эрх мэдэл, хир хэмжээг халдашгүй болгон бататгаж өгдөг байж. Үүний учир тамган дээр бичих бичээсний утга, бариул, хийх материал хэмжээ, дамжааг маш нарийн тооцож хийдэг байжээ. Энэ нь тухайн нийгмийн, тухайн эзний эрх ашгийг бат нягт хамгаалдаг байв.

Түүхийн сурвалж баримт бичиг, зохиол туурвилаас иш татан үзвэл монголчуудын дээдэс, тэднээс гарал үүсэл нэгтэй хаад хаант улс, эзэнт гүрний тамга, тэдний дээдэс, ноёд хууль ёсны тамга хэрэглэдэг байж. Түүгээр ч зогсохгүй умард зүгийн нүүдэлчин аймгийн эзэд, хаадад дээрэнгүй зан, ихэмсэгийг үзүүлж өршөөн соёрхсон нэрийн дор цол хэргэм олгож, тамга тэмдэг хэрэглүүлдэг байжээ.

Эх бичиг мэдээ сэлтээс үзэхэд Монгол нутагт монголчуудын дээдэс нь одоогоос 2200-гаад жилийн өмнө тулгар Хүннү улсыг байгуулсан бөгөөд улсын хаан Шанью нь төрийн тамгатай байжээ. Энэ нь төв Азийн нүүдэлчин улсын хамгийн эртний төрийн тамганы тухай мэдээ болов уу? гэж үзэж байснаа Д.Пэрлээ гуай нэгэнтээ бичиж байв.

Хүннүчүүд ямар ч байсан өөрийн бичиг соёлтой байсан тухай мэдээ сэлт байдаг тул тэд төрийн тамгандаа тэр бичгээ хэрэглэж байсан байх. Гэхдээ чухам ямар бичгийг төрийн тамгандаа хэрэглэж байсан тухай шууд баримт олдоогүй байна.

1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Хүннүгийн булшнаас “алтан хүн” (хүний дүрс бүхий цэвэр алтан хуудас) олдсон байна. Ялтасны голд хүний дүрс, түүнийг тойруулаад үсгүүд байжээ. Энэ үсгийг судлаач, эрдэмтэн Б.Сумъяабаатар судалж үзээд “финик” гэсэн үгнээс гаралтай “шаану тамга” (хааны тамга) гэж тайлжээ. Үүнийг нь дэлхий дахины эрдэмтэд судлаачид хүлээн зөвшөөрч байгаа юм байна.

Алтан хүн

altan hun

Ийм олдвор дэлхий дахинд ганц байгаа юм байна. Дээд доод хоёр өнцөгт нь нүхэлснийг үзэхэд ямар нэгэн юмнаас зүүж явсан бололтой. Энэхүү алтан хүний дээрх бичээс нь Крит (Итали) арлаас олдсон Фестийн хүрдний бичээс, Атлантын далай (Чили) Пасха арал дээрх бичээсүүдтэй ерөнхийдөө тохирдог. Тэгэхээр Хүннү нар нэн баялаг соёлтой, дэлхийн соёл иргэншилтэй өргөн хэлхээ холбоотой том гүрэн байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Дээр өгүүлсэн Хүннү гүрний төрийн тамганаас үзэхэд Монголын өргөн дэлгэр, уудам газар нутагт удаа дараа байгуулж, байсан улс, ханлигт төрийн тамга, төрийн зүтгэлтний мутрын тэмдэг, тэдэнд эрх мэдлийг нь бататган олгосон тамга тэмдэг байсан гэх учир шалтгааны дүгнэлт хийж болохоор байна гэж Д.Пэрлээ гуай үзэж байв.

Манай эриний 307 оны үед Тобагийн нэгэн аймгийн тэргүүлэгч Илу Ито Тобагийн хан хүрэн цацаг оосортой алтан тамгатай байжээ.

Монгол нутагт улс орноо байгуулж явсан Жужаан Дадан, Авар нэр төрийн оны цолтой, өөрийн бичигтэй байсны дээр нангиад бичгийг хятадтай харилцахад хэрэглэж байсан мэдээ байдаг. Тэр албан бичигтэй тамга дардаг байсан байх гэж үзэж болох юм.

Сүүлийн жилүүдэд Монголын газар нутгаас янз бүрийн замаар нүүдэлч улсуудын тамга тэмдгийн дурсгал олдож бана. Энэ нь манай орны эртний, түүхийн хөгжлийн үе шатыг тогтооход ач холбогдлоо өгөх нь дамжиггүй юм.

1962 онд хэл судлаач Х.Лувсанбалдан, түрэг хэл судлаач Б.Базилхан нар нэгэн хүрэл тамгын бичээсийг судалж үзээд “күтлүк” хэмээн тайлан уншиж “азтай, жаргалтай” гэж монголчилжээ.

хүрэл тамга

hurel tamga

Дээрх тамган дээр хэдийгээр ганц үг байгаа боловч энэ нь түүхийн таамаглалуудыг дэвшүүлж болох юм. Монгол нутагт VIII зууны сүүлчийн хагасад Дорнод Түрэг улсыг үүсгэн байгуулсан “эл тэрс” улсыг хураагч цолтой Күтүлүг хаан 693 онд нас нөгчсөн байдаг. Тэр хүрэл тэмдэг тэр хааны алдрыг бичсэн мутрын тэмдэг байж болох юм.

XIX зууны дунд үед одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг “Будрын чулуу” гэдэг газраас “Баруун тангудын тамга”-ыг нэг хүн олж, хоёр үе тахин хадгалж байгаад 1955 онд Шинжлэх ухааны Хүрээлэнд авчирч өгсөн байдаг.

1204 онд “Наху гүний байлдаан” гэж нэрлэгдэх тулааны үеэр Чингис хааны цэргүүд Найманы улс иргэдийг эрхэндээ оруулж авчээ. Гэтэл Таяны аймгаас нэг хүн дутаав. Хасар: “Түүнийг амьдаар барь” хэмээсэнд Бат гүйцэж очоод амьдаар барин ирэв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга байв. Хасар өгүүлрүүн: Танай олон аймаг, цэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөрлөж хааш одно вэ? гэвэл тэр хүн өгүүлрүүн:

-Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав гэв. Хасар: -Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ? гэхэд тэр хүн өгүүлрүүн: -Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Эзэн энэ тамгыг надад тушааж эд шидийг гаргах буюу оруулах явдлыг надад тушаасан билээ” гэхэд Хасар бас асуув. -Энэ тамгыг юунд хэрэглэнэ вэ? Тататунга өгүүлрүүн: -Сайн хүнийг сонгож, зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ гэвэл Хасар сайшааж, шударга, элбэрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээд тэр тамгыг Тататунгад тушаав” гэжээ.

1206 онд Онон мөрний эхэнд Монголын их хуралдай хуралдаж Нэгдсэн улс байгуулан, улсын нэрийг хүндэтгэхийн үүднээс “Хөх монгол улс”, Тэмүүжинг “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ. Чингис хааныг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд Их хуралдайд оролцсон хаад дээдэс болон энгийн ард иргэд бүхэн сөгдөн мөргөж ёслол гүйцэтгэсний дараа хааны ордны бичгийн багш, тамганы сайд Тататунгагаас цагаан хасан дээр шинэхэн сийлсэн үгсийг хуран чуулагсдад үзүүлэн тамган дээр сийлсэн зарлигийг “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг эл булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” дуудан уншиж өгөөд тамгыг хаанд өргөн барьжээ.

Сурвалж мэдээнээс үзэхэд Чингис хааны тамгыг хүлээж аваад “Эрт төрсөн миний баруун гарт минь лусын орноос Хасбуу тамга бурханы зарлигаар учрав” гэснээс үзэхэд “хаш тамга” шууд Чингис хаанд шууд өргөмжлөгджээ. 13-р зуунд Монгол гүрэн үүссэнээс хойш төрийн Хасбуу тамга хэрэглэх болсон бөгөөд хаан төрийн баримт бичиг тамгатай гарах болсон байна. Энэ үед тамга зөвхөн бичиг баримтын баталгааны үүрэгтэй бус хаант төрийн хүндэтгэл, эрх мэдлийн бэлгэдэл бүхий агуулгатай болсон байна.

Түүхийн мэдээ сэлтээс үзвэл төрийн “алтан тамга”, “хөх тамга” хэмээн нэрлэдэг, монгол үсэг бүхий хоёр тамга байжээ. “Хөх тамга” гэдэг нь Чингис хааны гардаж авсан тэр “хасбуу тамга” мөн байх гэж олон эрдэмтэн үздэг. Хэрлэн мөрний Хөдөө арлын орчмын уулсын хүр чулуунаас нэгэн хэсэг хашийг авч Чингис хааны “хасбуу тамга”-ыг хийсэн гэдэг. Хаш бол үнэтэй, цэнтэй, гоёл чимэглэлийн чулуу.

Монголд оршин тогтнож байсан эртний улсуудын төрийн олон тамга байснаас олон зуун жилийн түүхэн замыг туулж нэр алдар нь түгсэн тамга бол XIII зууны үед Монголын нэгдсэн төр улс үүсэхэд буй болсон энэхүү төрийн эрдэнийн “хасбуу тамга” юм. Үнэн хэрэгтээ энэ тамга Монголын их хаадыг дамжин Чингис хаанаас Лигдэн хаан хүртэл 430 жил буюу 1630 он хүртэл хадгалагджээ. Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй  хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг.

ӨМӨЗО-ы эрдэмтэн Сайшаалт, монгол эрдэмтэн Г.Норовсамбуу нарын үзэж байгаагаар Чингис хааны 1227 онд насан өөд болсны дараа Тулуй нэгэн жил төр барьж, Өгөөдэй 13 жил хаан суужээ. Түүний дараа Найманжин хатан таван жил төр барьжээ. Чингисээс хойш Гүюг хүртэл 19 жилийн турш Монголын нэгдсэн төрийн тамга үрэгдээгүй байна. Учир юу гэвээс дээрх хугацаанд Монголчууд дотооддоо тайван тогтуун, гадагшаа хандсан бодлого явуулж байсан учраас төрийн тамга үрэгдэх учиргүй гэж үздэг.

Гүюг хаанаас 1246 онд Ромын пап IV Иноцентэнд илгээсэн захидалд дарсан тамга нь Чингис хаанд 1206 онд өгсөн “хасбуу тамга” мөн болов уу гэж эрдэмтэд үздэгийг бид хувьдаа дэмждэг.

Нэгдсэн Монгол улсын хаан Гүюгээс Ромын пап IV Иноцентэд илгээсэн захидалд дарсан тамганы дардас

Одоогоос 300 гаруй жилийн тэртээ эх газрын хөрсөнд мөнхрөн үлдсэн Монголын нэгдсэн төрийн тамганы цорын ганц дардас, дөрөвдүгээр жарны улаан морин жил үйлдэгдсэн Гүюг хаанаас Ромын папд илгээсэн захидалд дарагдан эдүгээ Ватиканы музейд 760 гаруй жилийн турш Европын буурал түүхийн их баримтууд дунд тэр үеийнхээ уур амьсгалыг шингээн оршсоор байна.

Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевский дээрх архиваас уг захидлыг фотогоор авч Массед уншуулахаар өгчээ. Ираны эрдэмтэн Массе энэ захидлыг перс хэлнээс анхны орчуулга хийсэн хүн. Хожим нь Францын монгол судлаач Поль Пелльо шинжиж, бичээсийг уншсан нь:

Мөнх тэнгэрийн

Хүчинд их Монгол

Улсын далай-ийн

Ханы зарлиг, Ил булха

Иргэнд хүрвээс

Биширтүгэй аюутугай гэжээ. 11.225-335

Д.Пэрлээ гуай “Тамганы дардсыг сайн ажиглавал далай-ийн биш далай эзэн гэсэн үг бололтой. Учир нь тамгын үсгийг сийлэгч хүн эзэн гэсэн үгийн з-гийн дараах э эгшгийн нэг шүдийг, н үсгийн төгсгөлийн нэг шүдийг орхигдуулсан нь байдалд илэрхий. Далай эзэн гэх нь их эзэн гэсэн утгатай ажээ” хэмээн бичсэн байдаг.

Монголчуудын байлдан дагууллаар олзлогдоод алс холын Монгол оронд хүргэгдсэн гар урчуудын нэг орос дархан Коема буюу Козьма тамгыг хийсэн гэж Плано Карпини үздэг бол ӨМӨЗО-ы эрдэмтэн Сайшаалт тамгын Козьма хийгээгүй гэж үздэг.

Тамгыг хэрхэн хийсэн бөгөөд хэрхэн яаж ашигладаг тухай

Чингисийн төрийн тамга хэмжээний хувьд хааш хаашаагаа нэг төө, тэг дөрвөлжин байсныг Ромын пап ламд илгээсэн шаардах бичиг, албан захидалд үлдсэн монгол үсэгтэй тамганы дардас баталж байна. Тамгыг нэг төө хэмжээтэй хийсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байх. Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хэмжүүр нь ахуйн хэрэглээнээс үүдэлтэй. Аливаа зүйлийн урт өргөнийг хүний гарын хэмжээгээр тухайлбал хуруу, алга дарам, төө, алд, алд дэлэм гэсэн нэгжүүдээр хэмждэг байж. Төө нь ихэнх хэмжигдэхүүнийхээ нэгж суурь болж өгдөг. Монголын их хааны тамгыг нэг төө хэмжээтэй хийсэн нь үүнтэй холбоотой байж болох үндэстэй. Монголчууд тамга хийхдээ хааны гарын алганы хэмжээ, онцлогийг ихээхэн харгалзан үзэж, түүнийгээ ч тун чадварлагаар тамгандаа шингээж хийдэг байж. Хаад ноёдын тамга нь зэрэг дэвээсээ хамааран өөр өөр хэмжээтэй байсан тухай баримт олон байдаг. Тухайлбал: төө тамгыг эзэн хаан, сөөм тамгыг төрийн түшмэд, засаг ноёд, дөрвөн хуруу тамгыг хошуу ноёд, ван гүн, бэйл нар, гурван хуруу тамгыг яамдын сайд, цэргийн жанжид барьдаг байсан нь зарим сурвалж бичигт үлдсэн байна. Харин нэг хуруу буюу эрхий дармыг хиюур гэдэг байсан бөгөөд үүнийг бага тушаалын хүмүүс, түүнчлэн дорд ардууд өөрсдийн таних тэмдгээ болгон хэрэглэдэг байжээ.

Монголын уламжлалт тамганд хэд хэдэн бэлгэдэл багтсан байдаг.

-Хаан төрийн их тамгын нүүр нь тэгш тэг дөрвөлжин, товгор хүрээтэй, үгийг нь хос зураас бүхий монгол бичгийн шуумал хэлбэрээр товойлгон сийлсэн байна. Ер нь XIII зууны үед монгол бичгийг хаялж, таталдаггүй, эвхдэггүй, хичээнгүйлдэггүй зөвхөн шууж бичдэг байсан бололтой. Тэр үеийн язгууртнууд өөрсдийгөө тэнгэр эцэгт, газар эхт, хан хурмастын гаралтай гэж үздэг байсан учраас хаадын айлтгавар, албан бичиг сэлтийг “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хаан” гэсэн үгээр эхлэн бичдэг байжээ.

-Монголчууд эрт дээр үеэс дөрвөлжин тэгш өнцөгт хэлбэрийг маш их бэлгэшээдэг байсан байна. Түүнийгээ ертөнцийн дөрвөн зүг, улирлын дөрвөн өнгөтэй шүтэлцээтэй сэтгэж ирсэн байна. Иймээс ч монголчууд дөрвөн зүгтээ дээжээ өргөж, дөрвөн өнгө улиралд шүтэн баясаж, дөрвөн талт малгай өмсөж, дөрвөн тотгот тулга тулж ирсэн байдаг. Энэ бэлгэдэлдээ суурилан дөрвөн талт, ам дөрвөлжин тавцантай хаш тамга хийсэн байх магадлалтай. Тийм учраас төр улсад гаднаас хэн ч үл халдахыг тамганыхаа тавцангийн дөрвөн хүрээгээр харуулсан байна.

-Чингис хаан хураан төвхнүүлсэн улс гүрнээ төв түвшин байхыг бэлгэшээн тамганыхаа тэгш дөрвөлжин тавцангаар бэлгэдэл болгосон байх.

-Хааны хөх тамганы бариул нь суугаа барын дүрстэй хаш чулуу байсан гэдэг. Гэхдээ дорнын ард түмэн арсланг бат хүчтэн хэмээн үзэж дүрсийг нь гоёл чимэглэл, түүх дурсгалд өргөн хэрэглэдэг заншилтай холбоотой байх. Нөгөө талаас хурмаст тэнгэрийн удамт хаан хүний атганд араатны хаан арслан атгагдаж байх ёстой гэж үзсэн утга агуулсан ч байж болох юм. Ер нь тамганы бариул их учиртай. Арслангийн дүрээр тамганы бариул хийсэн нь хаан нэгтэй л тааралддаг. Түгээмэл биш. Түүхийн ухааны доктор Г.Норовсамбуу “Арслангийн дүрстэй бариул туйлын ховор байдаг” гээд дорнын орнуудад яригддаг нэгэн домгийг ярьж өгч билээ. Эрт цагт нэгэн удаа ядуу эр ан гөрөө хийж амиа тэжээдэг байжээ. Нэгэн удаа тэрээр бурхан багшид бараалхаж: -Би ан ав хийж, амиа тэжээдэг нүгэлт хүн билээ. Энэ их нүглээ яаж залруулах вэ гэхэд Бурхан багш: -Чи үүнээс өөрөөр амьдрах аргагүй юм байна. Ингэж л амьдарч бай. Гэхдээ арслан битгий алаарай, арслангийн мах битгий идээрэй гэж. Түүнээс хойш анчин залуу нэгэн удаа ойд явж байтал олон хүн арслангийн зулзагануудыг агнаж, махыг нь шарж идэн найр наадам хийж байхтай тааралдаж гэнэ. Ядуу эр хэдийгээр өлсөж, цангаж явсан ч бурхан багшийн хэлснийг санаад тэр махнаас нь идсэнгүй. Гэтэл ойн гүнээс эх арслан дайран гарч ирээд зулзагануудынх нь махыг  идсэн хүн нэг бүрийн тасдан хаяжээ. Арслангийн эх ядуу анч эрийг үнэрлэж үзсэнээ идсэнгүй гэнэ. Тэгээд:

-Чи яагаад миний зулзаганы махнаас идсэнгүй вэ? гэхэд ядуу эр: -Бурхан багш арслан битгий ал, арслангийн мах бүү ид гэсэн юм аа гэж хариулахад эх арслан: -тэр бурхан багш чинь ямар хүч чадалтай юм, би очиж үзье гэжээ. Ядуу эр, эх арсланг дагуулан явж Бурхан багш дээр очиж учраа хэлтэл Бурхан багш хэдэн ширхэг будаа алган дээрээ тавьж, тарнидан үлээтэл будаа нь арслангийн зулзаганууд болон хувирч, эхийгээ хөхөж гэнэ. Үүнд баярласан эх арслан: -Би танай сүм хийд, гэр байшинд гадны хорлол, дайсан тотгор оруулахгүй хамгаалж байя. Ингэж таны ачийг хариулж, хүч тусаа өгье гэсэн гэдэг. Ийм учраас төрийн ордон, сүм хийдийн үүдэнд л арслан байхаас биш төрийн тамганы дээр байх хүндэтгэлийн амьтан биш гэж доктор яриагаа төгсгөж билээ. Би эрдэмтэнтэй санал нэг байдаг. Үнэхээр ч дорно дахины улсуудаар явж байхад төрийн орд, яам тамгын газар, сүм хийд, том том дэлгүүр, гүүрэн дээр арслан урласан байгаа нь харагддаг. Манайд ч энэ байдал сүүлийн жилүүдэд банк, төрийн яамдын үүдээр түгээмэл үзэгдэх болсон. Д.Сүхбаатар жанжны маань хөшөө ч арслангуудаар хамгаалагдаж байдаг шүү дээ.

Мөхөс миний бие 1206 оноос хойших тамганууд баран бариултай хийгдэх болсон байх гэж дүгнэдэг. Улсын архивын сан хөмрөгт байгаа тамгануудыг үзэж, судалж байхад баран бариултай тамга л ихэвчлан тааралддаг. Ер нь бар бол төр шашны хүндэтгэлийн амьтан гэгддэг. Энэ дашрамд дурдахад хуучны ном зохиолуудад

“Баран бариултай тамгатай

Барсан арьсан хэвнэгтэй” гэж бичигдсэн нь элбэг тохиолддог.

Эрт цагт төрийн тамгаа алт эрдэнийн чулуугаар хийснээрээ төр улсаа хичнээн өндөрт дээдэлж байсныг харуулж буй байдал юм. Хожмын Богд хааны алтан тамга, хаш тамга болон монголын хүрэл металл тамганууд нь эзэнт төрийн анхны тамганы шууд улбаа болов уу.

Түүхэн мэдээнээс үзэхэд төрийн алтан тамга, хөх тамга хэмээн нэрлэдэг үсэг бүхий хоёр тамга байсан гэх. Үнэндээ Чингис хаан алтан тамга хэрэглэж байсныг нотлох баримттай баталгаа одоо хир олдоогүй байна. Энх-Амгалангийн 31-р 1622 онд олгогдсон Халхын Түшээт ханы бар, арслан бариултай гуулин цутгамал тамганы голд алт суулган шүншиглэсэн гэх нэг баримт байх. Ер нь ч Монголчууд алтыг шунал дагуулсан, үхэл сүүдэртэй өнгөт төмөр гэж хэзээнээс нааш үзсээр ирсэн байна.

Нэгэн эрдэмтэн дурсамж номондоо “одоогийн Санкт-Петербургийн эрмитажид дэлхийн улс орнуудын тамга хадгалагдан үлдсэн тухай бичээд түүн дотор алтан тамга ганц ч байгаагүйг онцолсон байдаг тухай эрдэмтэн П.Цэдэв нэгэнтээ дурдсан байдаг.

Харин хаш, мөнгө зэрэг үнэт эрдэнэсийн зүйлс, төмрөөр тамга хийдэг, тэдгээрийг ялгаа заагтай хэрэглэдэг байсан тухай монгол бичгийн сурвалжид дурдсан байдаг. Тухайлбал хаш тамгыг баяр ёслол, нийтээр дагах ёстой зарлигт, мөнгөн тамгыг бичгийн хэрэгтэй холбоотой зарлигт, харин төмөр ган тамгыг ял шийтгэл, хууль цаазтай холбоотой зарлигт тус тус дарж хэрэглэдэг байжээ.

Эртний Монголчууд тамга хэрэглэх нарийн ёс дэгтэй байжээ. Гадаадын улс орнуудтай томоохон асуудлаар харилцсан XVIII-XIX зууны зарим нугалбар бичиг 70 метр хүртэл урт бөгөөд цаасны залгаа бүрт тамга дарсан байдаг. 1305 онд Монголын Өлзийт хаанаас Францын ван гоо Филиппт илгээсэн бичгийн залгаа, төгсгөлд тус бүр тамга дарсан нь эзэнт улсын төрийн тамга хэрэглэх уламжлалын нэг онцлог мөн. Монголчуудын тамга хэрэглэх нарийн уламжлал XIII зуунаас эхэлж 800 гаруй жил үргэлжилснийг харуулдаг.

Тамгыг аливаа албан хэрэгт дарах нарийн дэг журамтай байсныг бид бичиг сурвалжаас мэдж болох юм. Тамга дарах бичиг зарлиг нь тухайн улсын албан хэлээр шаардлагын дагуу бичигдсэн, үнэн зөвийг баталсан хүний гарын үсэг зурсан, он, сар, өдөр нь тодорхой дэг журмыг хангасан тохиолдолд тамгыг дардаг байжээ. Тамгыг дарахдаа өдөр цагийг сайтар тооцоож зөвхөн өдрийн цагт дардаг нандин уламжлалтай байж. Тамгыг дарах ч бас нарийн ёс журамтай, хазгай муруй дарсан хүнийг торгож баалдаг, хэрэв дахин давтан үйлдвэл албаны ёс журамд тэнцэхгүй гэж албан тушаалаас нь зайлуулдаг хатуу журамтай байжээ.

Тамгыг шинээр хийхдээ төрийн зарлиг шийдвэрийг үндэслэн тогтсон горим, журмын дагуу үйлддэг байжээ. Тамганы бичээс нь тухайн улс орон, ард  түмний хэл соёлыг бүрэн илэрхийлж чадах бичгээр бичигдэж, улсынхаа нэр, тамга эзэмшигчийн албан тушаал хэргэм зэргийг хаш зэрэг үнэт чулуу, металл зандан мод зэрэгт сийлбэрлэх ба цутгах аргаар хийж ирсэн байна. Бэлэн болсон тамгыг тусгай хамгаалалтын дор шинэ эзэнд нь хүргэж өгдөг уламжлалтай байна. Тамгаа хүлээн авсан эзэмшигч шинэ тамга хэрэглэх болсон тухайгаа дээдэс эзэддээ албан ёсоор мэдэгддэг журамтай байжээ.

Шинэ тамгыг залахдаа тодорхой ёс журмыг дагаж мөрддөг байсан байна. Тамгыг эзэмшигч нь цагаан эсгий дээр хадаг барин зогсож, тамганаас адис авч, хүндэтгэл үзүүлээд, тамгыг улаан халзтай орд өргөөний хойморт тусгайлан зассан суурь бүхий ширээ буюу авдранд залдаг уламжлалтай байв. Тамга оршиж буй өргөө гэрийг “Тамгын өргөө” гэж хүндэтгэн нэрлэдэг байлаа.

Тамга битүүмжлэх ёсны эртний уламжлалыг монголчууд үе дамжуулан сахиж ирсэн түүхтэй. Тухайлбал: Тамгаа нийтэд зарлан өвлийн сүүл сараар битүүмжлэн амрааж хаврын эхэн сард нээдэг байжээ. Тамгыг тусгайлан нэг хүнд хариуцуулан бариулдаг байв. Энэ хүнийг чэрби, чинсан гэж нэрлэдэг байж. XVI зуунаас эхлэн түшмэл гэдэг болсон байна. Тамга амраах үед тамгаа хайрцагнаас нь гаргаж бичиг бүхий хэсгийг наран зүг харуулан тавьж хүрэлцэн ирсэн хаад ноёдод идээ засч, цай барьж дуусаад тамгаа хив хадганд ороож тусгай хайрцаганд хийж, хайрцагтай тамгаа авдранд хийж, тамгын өргөөнд хадгалдаг байжээ. Тамга амарч байх үед тамга баригчийг дуудах, битүүмжлэлийг нээх эрх хэнд ч олгодоггүй гэнэ. Харин хэрэгцээ тохиолдсон үед “тамга амарсан” гэж улаан бийрээр бичдэг, энэ нь тамга дарсантай ижил утгатай байжээ. Төрийн хэрэг хатуу чанд байх ёс журмаас үүдэлтэйгээр тамгыг ил задгай байлгадаггүй, заавал хайрцаганд хадгалан хүндэтгэдэг, ялангуяа төрийн тамгыг эрхэм нандин чимэглэлтэй хайрцаганд хадгална. Битүүмжилсэн тамгаа нээхдээ дээр бичсэнчлэн тамгандаа хүндэтгэл үзүүлж эрхэм дээдэс хүндэтгэлийн хувцсаа өмсөн ирж цайлан баяр ёслолын байдалтай хүндэтгэл хариуцлагатайгаар нээдэг ёс дүрэмтэй байжээ.

Тамганы гэр хайрцгийг үнэт метал, үнэр сайт зандан модоор урладаг байж. Тэрхүү хайрцагийг хийсэн эд, чимэглэл, том жижгээс нь хамааран тамганы зэрэг зиндааг шууд тодорхойлж болдог байна. Тамганы гэр хайрцагны гадна талд бат бэхийг бэлгэдэж үндэсний хээ угалзыг алт мөнгөөр товойлгон хийгээд чимэг болгон үнэт чулуу шигтгэсэн байх нь буй бөгөөд нарийн тохируулга бүхий ил болон далд цоожоор байнга цоожилдог байна.

Нүүдэлчин аймгийн хувьд эртний монголчуудын эзэн хаан, тэргүүнүүд дайн байлдаан хийх, эзлэн авсан улс орондоо очих зэргээр аялан явах нь олонтой. Тэр бүхэндээ Төрийн тамгаа авч явдаг байсан баримт олдсон байна. Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Бичигтийн ам”-ны хадны зурагт тамганы хайрцаг бүхий эмээлтэй морь дүрслэгдсэн нь тамгыг алс хол аянд авч явахдаа тусгай эмээл, хайрцаг хүртэл хэрэглэж байсны нотолгоо юм.

Монгол төрийн хэрэгт холбогдол бүхий дөрвөн тамганы тухай

Монголын нэгдсэн төрийн тамга тэмдэгнээс өнөөгийн бидний гарт орж, нүдэнд үзэгдсэн нь туйлын ховор.

1.Төр захирагч гүнжийн тамга

tur zahiragch gunjiin tamga

Энэ тамганд хятад гор үсэг арван дөрвийг гурван мөрөөр байрлуулж төв дунд нь уйгаржин монгол үсэг бүхий хоёр үгийг зэрэгцүүлэн байрлуулсан байдаг бөгөөд энэ нь улаан өнгөтэй ажээ. Энэ тамгыг анх 1958 онд Өвөр Монголын археологич Дүн Ших Вей Юн Өвөр монголын Далан хар уулын араас олж “Төр захираг”ч гүнжийн гуулин тамга” * гэж тогтоосон бол тамгын голд бичигдсэн хоёр монгол үгийг Өвөр монголын эрдэмтэн Сайшаалт “Хаса ина” Хасын хас тамга* гэж тайлсан байдаг. Энэ тамга нь 1207 онд Онгудад мордуулсан Чингис хааны охин Алага-Бэхийн тамга байх бүрэн үндэслэлтэй бөгөөд 1207-1219 оны хооронд хийгдсэн гэж үздэг. 1219 онд Чингис хаан Дундад Азийг дайлах үедээ говийн өмнөх нутгийг охин Алага-Бэхидээ захируулжээ. Иймээс түүхэнд төр захирагч гүнж гэдэг нь энэ хүн болно. Алага-Бэхи нь Бөртэ хатнаас төрсөн гуравдугаар охин.*

2.Зарлигийн элчийн тамга

zarligiin elchiin tamga

Энэ тамга нь хятад, монгол хоёр бичигтэй. Тамганы хоёр хөвөөгөөр гор үсэг, монгол үсгийг баруунаас зүүн тийш нь байрлуулсан. Дунд нь уйгаржин монгол үсгээр хоёр мөр бичээстэй. Монгол үг нь хятад үсгийг бараг авиачлан бисэн тамга гэдэг.

3.Туркина хатны гэрэлт хөшөөн дээрх тамганы сийлбэр

turkina hatnii hushuunii tamga

Энэ тамга нь 1240 онд хамааралтай болно. Тамгын бичээсийг “хааны тамга” гэж орчин цагийн хэл зүйд уншдаг гэнэ.

4.Их ван Есүнхэйн тамга

ih van esunhein tamga

1262 оны 5-р сарын 12-нд Хубилай сэцэн хаанаас Хасарын хүү Есүнхэ мэргэнд олгосон тоймог луу бариултай алтан тамганы дардас. Тамганы нанхиад хэлний эвхмэл үсгийн тиг бүхий бичээс нь “Их ван Есүнхээн тамга” гэжээ.

No comments were made yet. Be the first!

Leave a reply

À
5
Please Wait...